images

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРЛЫН ЭЭЛЖИТ 112 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Мэдээ мэдээлэл

2024-06-11

120

Женев хотноо болж буй Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 112 дугаар чуулган үргэлжилж байна. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа чуулганы 6 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, бизнес эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулж үг хэлэв.
Байнгын төлөөлөгч Монгол Улсын Засгийн газар нийгмийн түншлэгч байгууллагуудтай хамтран Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын томоохон хуулиудын төслийг боловсруулан УИХ-аар батлуулж, эрх зүйн томоохон шинэчлэл хийсний зэрэгцээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг шинэ агуулга, үүрэг хариуцлагаар өргөтгөн байгуулсныг онцлов. Улмаар Монгол Улсад ажлын байрны эрсдэл өндөртэй салбар, тухайлбал, уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбарт тулгамдаж буй хөдөлмөрийн аюулгүй байдлын сорилт, бэрхшээлийн талаар тэмдэглэж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэн бэхжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгааг мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс ОУХБ-ын 21 конвенцод нэгдэн орсон бөгөөд цаашид Хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенцод нэгдэн орох чиглэлээр ажиллаж байгааг танилцуулав. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээ, чиглэл нь энэ удаагийн чуулганаар хэлэлцэж буй сэдэв, асуудалтай уялдаж байгааг онцлон, Монгол Улсын Засгийн газар эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлж цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, зохистой ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорьж байгааг тэмдэглэлээ.