images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨХ БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-06-26

160

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Женев хотноо 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Хамтарсан зөвлөх бүлгийн 58 дугаар уулзалтад оролцов.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Хамтарсан зөвлөх бүлгийн уулзалтын үеэр Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газар, ОУХТ хамтран 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн экспортыг дэмжих форумын дүнгийн талаар мэдээлж, үг хэлэв.

Түүнчлэн Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа хэлсэн үгэндээ ОУХТ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож буйд баяр хүргэж, жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мөн эдийн засгийн үр өгөөжтэй, нийгэмд хариуцлагатай, жендэрийн мэдрэмжтэй, байгаль орчинд ээлтэй худалдааны орчныг дэмжихэд ОУХТ чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.

ОУХТ-ийн Хамтарсан зөвлөх бүлэг нь жил бүр хуралдаж, ОУХТ-ийн жилийн тайланд үндэслэн тус байгууллагын үйл ажиллагааг хянан хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог байна.