ЖЕНЕВ МУЖ УЛСЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Женев муж улсын Үндэсний зөвлөлийн дарга А.Ходжерс, Женев хотын захирагч А.Гомез нартай уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, энэ онд тохиож буй Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй айлчлал, арга хэмжээ, яриа хэлэлцээний талаар санал солилцлоо.
Мөн Женев хотод монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-уудаас зохион байгуулдаг соёл, спорт, урлагийн арга хэмжээнүүдэд Женев муж улсын зүгээс дэмжиж, хамтран ажиллахыг хүсэлт болгов.
Женев муж улсын удирдлагууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, ЭСЯ-ны болон монгол иргэдийн зохион байгуулах үйл ажиллагаанд боломжтой дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
НҮБ-ын Женев дэх төв зэрэг 39 олон улсын байгууллага, 181 улсын Дипломат төлөөлөгчийн газар, 750 орчим төрийн бус байгууллага Женев хотноо төвлөрөн ажиллаж, жилд дунджаар 5000 гаруй хурал, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагддаг байна.