images

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН AССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-05-29

243

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд Женев хотноо “Эрүүл мэндийн төлөө бүгд, Бүгдэд эрүүл мэндийг хүргэх нь” сэдвийн дор чуулж байна. Чуулганд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар оролцож байна.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 5 дугаар сарын 28-ны өдөр үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг хангахын төлөө тууштай байгааг дахин нотолж, ялангуяа эмзэг бүлгийн хүн амыг илүү сайн хамгаалж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэв.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулганаар гишүүн улсууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, дархлаажуулалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварт саа, хумхаа, ХДХВ болон бусад өвчинтэй тэмцэх, нянгийн тэсвэржилтийг бууруулах, эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаарх эерэг үр дүнг баталгаажуулах болон эрүүл мэндийн онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулна.