images

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Мэдээ мэдээлэл

2024-05-24

162

2024 оны 5 дугаар сарын 23. Берн хот.
 
Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан ШХУ-ын Берн хотноо Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.
Швейцарын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургууль, Монголд элэгтэй швейцар иргэд, гадаад улсаас ШХУ-д суугаа Элчин сайдууд, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын төлөөлөл, эдгээр байгууллагад ажиллаж буй монгол иргэд, Швейцарт үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоо, нийгэмлэгийн төлөөлөл зэрэг 200 орчим зочин, төлөөлөгч тус арга хэмжээнд оролцов.
 
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Тогтвортой хөгжил, баялгийн газрын дарга Александра Бауманн нар үг хэлэв. Талууд хэлсэн үгэндээ, Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд манай хоёр улс улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ ардчилал, хүний эрх, энх тайван, тогтвортой байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирснийг онцлов. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, ач холбогдлыг үнэлж, энэхүү ололт амжилтаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан тусгайлан гаргасан “Монгол-Швейцар 60 жил” шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагаа боллоо. Хоёр улсын үзэсгэлэнт байгаль, үндэсний билэгдэлт бэр цэцэг, цагаан уул цэцэг, Монгол Алтайн нурууны ноён оргил “Хүйтэн”, Альпийн нурууны Маттерхорн уул, монгол цуур хөгжимчин, швейцар бүрээч, Алтайн аргаль, Альпийн янгирыг дүрслэн зохиомжилсон дурсгалын маркны дээжийг Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочдын төлөөлөлд гардуулан өглөө.
 
Монголын язгуур урлагийн болон сонгодог урлагийн үзүүлбэрийг Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, “Mongolian step” уран бүтээлийн нэгдэл толилуулж, монголын соёл, өв уламжлал, билэгдэл, зан заншлыг харуулсан “Монгол булан”-г ЭСЯ, “МИАТ” ХХК, “Содоо кашимер” ХХК, Монголын Үндэсний бөхийн Европ дахь салбар хороо хамтран бэлтгэж, зочид төлөөлөгчдөд танилцуулав.
 
1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын түүхт 60 жилийн ойн баярын Хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон, дэмжлэг үзүүлсэнд ЭСЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлж байна.