images

ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Г.АЮУРЗАНЫН “БӨӨГИЙН ДОМОГ” НОМЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Мэдээ мэдээлэл

2024-04-30

257

Mонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын тухай уулзалт-ярилцлага Женев хотноо амжилттай боллоо.
Швейцар, Монголын 40 гаруй уншигч оролцсон арга хэмжээний үеэр зохиолч Г.Аюурзана бөө мөргөлийн талаарх энэхүү романыг бичих болсон шалтгаан, судалгаа хийсэн тухайгаа болон номыг франц хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Р.Мөнхзул өөрийн сэтгэгдэл, орчуулсан туршлагаасаа хуваалцаж, уншигч сонирхогчдын асуултад дэлгэрэнгүй хариулж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Азийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг франц хэлтэй уншигчдад танилцуулдаг Францын “Editions Jentayu” хэвлэлийн газраас МЗЭ-ийн “Алтан өд”, “Гоомарал” наадмын 2010 оны шагналт “Бөөгийн домог” романы франц хэлээрх орчуулга “La Legende du Shaman” номыг энэ оны 1 дүгээр сард хэвлэн гаргаж, Франц, Бельги, Швейцарын хотуудад цуврал уулзалт танилцуулга хийж байгаа ажээ.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монголын орчин үеийн утга зохиолын томоохон төлөөлөл, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын бүтээлийг таниулах арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн Францын “Editions Jentayu” хэвлэлийн газар, Женев хотын “Le vent des routes” номын сан, Францын “uRYa” студийн уран бүтээлч, Францын “The Voice” шоуны оролцогч, морин хуурч, хөөмийч Мишель Абрахам болон хүрэлцэн ирсэн нийт зочид, уншигч олонд Элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлье.