“ПАРЛАМЕНТЫН ИНСТИТУТИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд Арно Вики-тэй 3 дугаар сарын 26-ны өдөр Берн хотноо уулзаж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хоорондын “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол, Хятадын асуудал хариуцсан хөтөлбөрийн менежер Кристиан Энглер, тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон албаны төлөөлөгчид байлцав. Ирэх 2024-2026 онд хэрэгжүүлэх энэхүү төсөл нь парламентын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын хууль тогтоомж, бодлогын үнэлгээ хийх чадавхыг сайжруулах, парламентын хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй арга, аргачлал нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэж буй юм.
Мөн үеэр талууд Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхийн чухлыг онцолж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн 10 гаруй жилийн тогтвортой хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд оролцож, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний үр дүн, туршлагаа 60 гаруй улс орны парламентуудтай хуваалцсанаа танилцуулав.