ХҮМҮҮНЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Элчин сайд Д.Гэрэлмаа Женевт үйл ажиллагаа явуулж буй EPER олон улсын хүмүүнлэгийн байгууллагын Permanences Volantes нийгмийн үйл ажиллагаа хариуцсан төслийн дарга Алессандро Де Филиппо, Монголыг хариуцсан ахлах ажилтан Д.Отгончимэг нарыг хүлээн авч уулзан, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг сайн дурын тус байгууллагын Швейцар дахь салбар нь гадаадын иргэдийг Швейцарт ажиллаж амьдрах, суурьшихад нь шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх, хууль эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, ажлын байртай болоход нь зуучлах, хэлний бэрхшээлийг даван туулахад чиглэсэн сургалт явуулах, орчуулгын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй иргэдэд (шинээр шилжин ирж буй иргэд, бага насны хүүхэдтэй гэр бүл, орогнол хүсэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг) зөвлөгөө тусламж үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
ШХУ-д оршин суугаа болон шинээр ирж буй гадаадын иргэдэд англи, франц, испани, португал, монгол хэлээр үйлчилгээ үзүүлдэг тус байгууллагын төлөөлөлд Элчин сайд талархал илэрхийлж, тус улсад Монгол Улсын 4000 гаруй иргэн байнга оршин суудгийг дурдаж, монгол иргэдэд зөвлөгөө мэдээлэл түгээх, хууль тогтоомжийг таниулах, түгээмэл асуултад хариулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх хамтарсан уулзалт, өдөрлөг зохион байгуулах боломжийн талаар ярилцав.