images

ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ АССАМБЛЕЙН 148 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2024-03-26

361

      Дэлхийн 180 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын парламентын холбооны Ассамблейн 148 дугаар чуулга уулзалт 2024 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд ШХУ-ын Женев хотноо болж байна.

     “Парламентын дипломат ажиллагаа: Энхтайван, ойлголцлын гүүрийг бий болгох нь” сэдвийн дор явагдаж буй тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

    Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Тулия Эксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Хурлын дарга Сахиба Гафарова, Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын Доод танхим буюу Мажилисын дарга Ерлан Кошанов, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулагдсан Эмэгтэй парламенчдын форумын 37 дугаар хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга П.Анужин оролцлоо.

        Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нар 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” (2022)-ийг  2025 он хүртэл сунгахаар тохиролцож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга П.Анужин, Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат зэрэг албаны төлөөлөгчид оролцов.

      Чуулга уулзалт үргэлжилж байна.