images

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-01-31

94

2024 оны 01 дүгээр сарын 30, Берн хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг (ШХА)-ийн Ази, Латин Америк, Карибын тэнгисийн хэлтсийн дарга, Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд Арно Вики-тэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад ШХА-ийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг онцолж, 2024 оны эхээр тус агентлагаас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламж дуусгавар болж буйтай холбогдуулан хоёр улсын харилцааг бэхжүүлэх, Монгол Улсын хөгжлийн зорилтод нийцсэн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлох зэрэг цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдийг судлав.

Түүнчлэн ирэх 05 дугаар сарын 22-ны өдөр тохиох Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал үйл явдал болохыг онцлон тэмдэглэв.