images

ЖЕНЕВ ХОТНОО "ЦАГААН САР -2024" ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Мэдээ мэдээлэл

2024-01-29

178

Энэ сарын 27-ны өдөр ШХУ-ын Женев хотноо “Цагаан сар-2024” үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөв.
Монголын Үндэсний бөхийн холбоо, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоо хамтран зохион байгуулсан тус барилдаанд Швейцар, Франц, Герман, Чех, Итали, Бельги, Нидерланд, Унгар зэрэг Европын 8 улсын 32 бөх эр бяр, хурд хүчээ сорьсноос Нидерланд Улсаас оролцогч Э.Батбаяр түрүүлж, Чех Улсаас оролцогч Э.Хосбаяр үзүүрлэн, өсвөрийн 2 насны ангилалд 4 бөх үзүүр түрүү булаалдаж, тус бүр Өргөмжлөл, мөнгөн шагнал, ЭСЯ-ны гарын бэлэг, ивээн тэтгэгчдийн шагналыг хүртлээ. Уран барилдаантай бөхийн шагналыг Итали Улсаас оролцогч Михаил Грегорий, Швейцар Улсаас оролцогч Н.Батбаатар нар хүртэв.
 
Монгол Улсаас ШХУ-д суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах цуврал арга хэмжээг Монгол түмний соёлын дархлаа болсон Үндэсний бөхийн барилдаанаар эхлүүлж буйг онцлон тэмдэглэж, барилдааныг санаачлан зохион байгуулагч Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь Салбар холбоо, ерөнхий зохион байгуулагч “Да Са” групп, оролцогч бөхчүүд, өсвөрийн бөхчүүд, ивээн тэтгэгч нарт баяр хүргэн талархал илэрхийллээ.
Европ дахь монголчууд, хүүхэд залуусын дунд үндэсний бөхийн спорт, бөх цоллох ёс, хөлийн цэц, гарын даа, барилдааны мэх зэрэг үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, өвлүүлэн түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус барилдааныг санаачлагч, зохион байгуулагч, нийт оролцогч, үзэгчдэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ ирүүлснийг Элчин сайд Д.Гэрэлмаа уншиж танилцуулав. Мэндчилгээнд “НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын “Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр наадмын нэгэн сонирхолтой төрөл хүчит бөхийн барилдаан нь манай ард түмний хэдэн зууны тэртээгээс уламжлагдан ирсэн эв нэгдэл, төрт ёсны омогшил бахархал, Монгол түмний гайхамшигтай түүх, соёл уламжлал, ёс заншил, оюуны дархлааны бэлэг тэмдэг билээ. Энэ удаагийн “Цагаан сар-2024” бөхийн барилдаанд 32 бөх зодоглохын зэрэгцээ бага насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор хүүхэд багачууд оролцож байгаа нь монгол бөхийн арга ухаан уламжлагдан хөгжиж буйн илрэл юм. Цагаан сар, Монгол Наадам, үндэсний спортын уралдаан зэрэг үндэсний өв соёлоо гадаадын улс орнуудад сурталчлан таниулахад хүчин чармайлт гаргаж, үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн Монгол ахан дүүс Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Гадаад харилцааны яам үндэсний түүх, соёл урлаг, зан заншлаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, хилийн чанад дахь Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэн байгуулсан Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дэлхийн Монголчууд” цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг бөгөөд цаашид Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоотой хамтран ажиллах болно. Үндэсний бөхийн барилдаанд зодоглох, дэмжих, үзэж сонирхохоор Европын орон бүрээс хуран цугласан Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэж, ирж буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, заяа буян тэгш, хийморь өөдөө байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэжээ.
 
Бөхийн барилдаанд МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, МҮБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, улсын тайлбарлагч С.Гантөр, Улсын засуул Б.Цэрэндагва, МҮОНТВ-ийн зураглаач Д.Энхтөр нар урилгаар хүрэлцэн ирж, хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын мэндчилгээг үзэгч олонд уламжлав.
МҮБХ-ны Европ дахь Салбар холбооноос уламжлалт Сар шинийн баярт зориулсан барилдааныг Женев хотноо жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.
 
“Цагаан сар-2024” Үндэсний бөхийн барилдааны Ерөнхий зохион байгуулагч МҮБХ-ны Европ дахь Салбар холбоо, хамтран зохион байгуулагч МҮБХолбоо, Ерөнхий ивээн тэтгэгч “Da Sa” групп, “MGL Sushi”, ивээн тэтгэгч “Daniel Gruzsow SARL”, “Guch renovation” ХХК, “Suvd” салон, дэмжлэг үзүүлсэн бусад байгууллага, хувь хүмүүс, бөхийн спортыг дэмжигч үзэгч Та бүхэнд гүн талархал илэрхийлье.