РОМЫН ПАП ФРАНЦИС ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2024 оны 01 дүгээр сарын 08, Ватикан хот. Ромын Пап Гэгээн хутагт Францис Шинэ жилийг тохиолдуулан Гэгээн Ширээт Улсад суугаа дипломат төлөөлөгчдийг хүлээн авч, дэлхий дахинд энх тайвныг цогцлооход хамтран ажиллахыг уриалав. Тэрээр дэлхий даяар өрнөж буй мөргөлдөөн, хуваагдлын талаар байр сууриа илэрхийлж, эв найрамдлыг дэмжихэд хувь хүн, улс үндэстний үүрэг хариуцлагыг онцлон тэмдэглэв.
Ромын Пап Францис хэлсэн үгэндээ Монгол Улсад өнгөрсөн онд айлчлах үеэрээ халуун дотноор хүлээн авсан Монголын эрх баригчдад талархаж, өнөөгийн амаргүй байгаа олон улсын орчинд Монгол Улс нь итгэл найдварын илэрхийлэл байсныг онцлов.
Гэгээн Ширээт Улсад суугаа дипломат төлөөлөгчдийг төлөөлж Кипр Улсын Элчин сайд Георгиос Ф.Пулидес шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, 2023 онд Ромын Папын хийсэн айлчлалуудын үр дүнг цохон тэмдэглэж, тэр дундаа Монгол Улсад хийсэн айлчлалаар байгаль орчин, техникийн дэвшил, оюун санааны эв зохицлыг бий болгохын тулд хамтын хүчин чармайлт гаргахыг Ромын Пап уриалсныг нь онцлов.