images

“ХҮНИЙ ЭРХ-75” ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨВ

Мэдээ мэдээлэл

2023-12-14

205

              Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээний хоёр дахь өдөр дээд, өндөр түвшний дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хүний эрх ба хөгжил, эдийн засаг” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт панелистаар оролцон хүний эрхэд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, өсөлтийг хангахад нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэхийн чухлыг онцолж, Монгол Улс хүний эрхийн шалгуурыг хууль тогтоомждоо тусгах, хэрэгжилтийг хангах чиглэлээр хүч чармайлт гаргаж байгааг мэдээлэв.

          Тэрээр хүний эрхэд суурилсан хөгжлийг цогцлооход нийгмийн оролцогч тал нэг бүр, түүний дотор хувийн хэвшлийн үүрэг ихээхэн чухал болохыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас бизнес ба хүний эрхийн чиглэлээрх үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллаж байгааг мэдээлж, хүний эрхийн шалгуурыг бодлого, үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж ажиллахад НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албаны зүгээс улс орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлэх, чадавхыг бий болгох шаардлагатайг тэмдэглэж хэлэв.

          Тус дугуй ширээний хэлэлцүүлэгт мөн Намиби Улсын Ерөнхий сайд үндсэн илтгэгчээр, Чили Улсын Гадаад хэргийн сайд, Мексик Улсын Гадаад хэргийн сайд, Саудын Арабын Хүний эрхийн асуудал эрхэлсэн сайд нар болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,  Дэлхийн банк, Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллага зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд панелистаар оролцож, туршлагаасаа хуваалцав.

        Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар дэвшүүлсэн хүн бүрийн эрх чөлөө, эрх тэгш байдал, шударга ёсыг тогтоох амлалт, суурь зарчмуудыг сэргээн санаж, дараагийн 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангахад эн тэргүүнд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэл, үүрэг амлалтаа хамтран тодорхойлох зорилго агуулсан тус дээд, өндөр түвшний арга хэмжээний үеэр 150 гаруй улс 286 үүрэг амлалт авч, иргэний нийгмийн байгууллагууд 76, НҮБ-ын системийн болон засгийн газар хоорондын олон улсын байгууллага 23, хүний эрхийн үндэсний байгууллагууд 17 амлалт танилцуулснаас гадна хувийн хэвшлийн бизнесийн холбоод сайн дурын үүрэг амлалтаа тус тус дэвшүүллээ.

         НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албаны салбар төвүүд байрлах Женев, Бангкок, Найроби, Панама хотоос нийт 2200 гаруй хүн биечлэн оролцож, 1600 гаруй хүн цахимаар үзэж сонирхсон “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө.