МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ БЭЛЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛАВ
Женев хотноо 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд “Цахим эдийн засгийн ирээдүйг тодорхойлох нь” сэдвийн дор болж буй НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Цахим долоо хоногт Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцож байна.
Цахим долоо хоногийн арга хэмжээний хүрээнд 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХБХ-ын ажлын албатай 2022-2023 онд хамтран боловсруулсан “Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г олон улсад танилцуулах хурал боллоо.
Хурлыг Монгол Улсын Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, НҮБ-ын ХХБХ-ын Технологи, Логистикийн хэлтсийн захирал Шамика Н.Сириманне нар нээж, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа даргалав.
Хурлаар Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээгээр гарсан гол үр дүн, зөвлөмжүүдийн талаар танилцуулж, Монгол Улсын цахим худалдаа, цахим экосистемийг хөгжүүлэх цаашдын ажил, санаачилгын хүрээнд олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Женев дэх Олон улсын худалдааны төвийн Худалдааны стратеги ба өрсөлдөх чадварын ахлах зөвлөх Оливье Марти, Лондон дахь Европын сэргээн босголт хөгжлийн банкны эдийн засагч Жулиа Андерсон нар оролцов.
Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг боловсруулахад цахим стратеги, интернэтийн хүртээмж, хууль эрх зүйн орчин, худалдааны ложистик ба дэд бүтэц, цахим ур чадвар, цахим төлбөр тооцоо, Засгийн газар, бизнес, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийг дэмжих санхүүгийн хүртээмж гэсэн долоон гол тулгуур үзүүлэлтээр боловсруулсан.
Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээтэй дараах холбоосоор орж танилцах боломжтой: unctad.org/publication/mongolia-etrade-readiness-assessment