БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА НҮБ-ЫН ОУШХБ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Зөвлөлийн 114 дүгээр чуулга уулзалт 2023 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Женев хотноо болов.
Тус байгууллагын 175 гишүүн улс, 8 ажиглагч улс болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон энэхүү чуулга уулзалтаар Зөвлөлийн 113 дугаар чуулга уулзалт, 6 дугаар тусгай чуулганы үр дүн тайлан, ОУШХБ-ын 2024-2028 оны стратеги, тус байгууллагын 2024 оны төсвийг хэлэлцэж, Ерөнхий санал шүүмжлэл өрнөв.
Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа үг хэлж, ОУШХБ-ын чиг үүрэг, манлайлал, улс орнуудад үзүүлж буй туслалцаа дэмжлэгт талархал илэрхийлэн, Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, “Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, дотоод, гадаад шилжилт хөдөлгөөнийг зохицуулах хүчин чармайлтын талаар мэдээлж, ОУШХБ-ын цаг үеийн санаачилга, үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Мөн чуулганы хоёр дахь өдөр “Шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй цаг уурын өөрчлөлт: Шийдлийн төлөөх уриалга” сэдвээр Өндөр түвшний хэлэлцүүлэг болж, гишүүн болон ажиглагч орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, бууруулах, хариу арга хэмжээ авах асуудлаар дэлгэрэнгүй санал мэдээлэл солилцов.
Монгол Улс ОУШХБ-д 2008 онд гишүүнээр элссэнээс хойш шилжилт хөдөлгөөний менежментийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус байгууллага “КОВИД-19” цар тахлын үед хилийн чанадаас иргэдийг татан авах, хүнсний тусламж үзүүлэхэд онцгой дэмжлэг үзүүлсэн билээ.