images

“МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-11-13

278

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Лозанн хот дахь AMSR-ын Монгол сургуультай хамтран “Монгол хэл, өв соёлыг сурталчлах өдөрлөг”-ийг Женев хотноо 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Тус сургуульд суралцаж буй 20 орчим хүүхэд Лозанн хотоос хүрэлцэн ирж, соёлын үнэт өв болох монгол гэртэй танилцаж, монгол хэлний нээлттэй хичээлд идэвхтэй оролцон, Монгол Улсын төрийн далбаа, соёмбоны хайчилбар урлав. Өдөрлөгийн үеэр ЭСЯ-наас “Монгол Улс ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” сэдвээр хүүхдүүдэд танин мэдэхүйн товч мэдээлэл өгч, морин хуурч, уран бүтээлч Баянзул хүүхэд багачуудад морин хуур, ардын хөгжмийн талаар танилцуулан, тоглолтын хэсгээс толилууллаа.

Элчин сайд Д.Гэрэлмаа тус өдөрлөгт хүрэлцэн ирж оролцсон хүүхэд багачуудад баяр хүргэсний зэрэгцээ Монголын уран бүтээлчдийг Швейцарт урьж, монгол соёл, урлагийг сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлж буй Цюрих хотноо төвтэй “Мандах Наран” ТББ-ын тэргүүн Вива Дубахыг хүлээн авч уулзан талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.   
Швейцар Улсад оршин суугаа монгол хүүхдүүддээ монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн тус өдөрлөгийн урилгыг хүлээн авч хамтран амжилттай зохион байгуулсан Лозанн хот дахь AMSR-ын Монгол сургуулийн хамт олон, багш, сурагчид, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.