images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА НҮБ-ЫН ШҮҮГЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ ИЛТГЭГЧ МАРГАРЕТ САТТЕРТУЭЙТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2023-10-31

244

       Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтийг ирэх 11 дүгээр сард Монгол Улсад айлчлахтай нь холбогдуулан 10 дугаар сарын 30-ны өдөр цахимаар хүлээн авч уулзав.

       Байнгын төлөөлөгч, Тусгай илтгэгч нар айлчлалын агуулга, хөтөлбөрийн талаар хөндөн ярилцаж, санал солилцов. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын Засгийн газраас шүүхийн шинэтгэлийн чиглэлээр тодорхой алхам авч хэрэгжүүлж байгааг мэдээлэн, айлчлалд нь амжилт хүсэв. Тусгай илтгэгч монголын тал хүсэлтийг нь нааштайгаар хүлээн авч, айлчлалын бэлтгэл хангахад үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

       Хатагтай Маргарет Саттертуэйт нь 2022 оны 10 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс НҮБ-ын  Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Тусгай илтгэгчээр томилогдсон бөгөөд ажлаа авснаасаа хойш айлчилж буй хоёр дахь улс нь Монгол Улс юм. Тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 6-15-ны өдрүүдэд манай улсад ажиллана.