images

ШВЕЙЦАРЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОН БАГШИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТАЙ ТАНИЛЦАВ

Мэдээ мэдээлэл

2023-09-27

277

2023 оны 9 дүгээр сарын 25–26, Фраунфельд хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн гишүүн асан, Олон улсын Тахь группын Удирдах зөвлөлийн гишүүн А.Фарни-гийн урилгаар тус улсын Тургау муж улсад ажиллаж, мэргэжлийн болон багшийн боловсролын салбартай танилцаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Элчин сайд Д.Гэрэлмаа тус муж улсын Боловсрол, соёлын сайд М.Книлл-тай уулзаж, боловсролын салбарын туршлага судлах хүсэлтэйгээ илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.

Тургау муж улсад ажиллах хугацаанд Элчин сайд Д.Гэрэлмаа Мэргэжлийн боловсролын төв, Мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх төв, Боловсролын Их сургуульд тус тус зочилж, удирдлагатай хийсэн уулзалтаар мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоо, залуус хүүхдүүдэд мэргэжил сонгоход нь зөвлөгөө өгөх, дагалдан суралцах нөхцөл байдлын талаар мэдээлэл авав.

Түүнчлэн Элчин сайд Д.Гэрэлмаа Тургау муж улсын Байгалийн түүхийн музей, Хүүхдийн дүрслэх урлагийн сургууль (Bildschule)-тай зочилж, Швейцарын цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдийн боловсролын хүрээнд хүүхдийн авьяас, сониуч байдлыг хөгжүүлэхэд ашиглаж буй арга барил, туршлагатай танилцав.

Энэхүү ажлын айлчлал нь Тургау муж улсын боловсролын салбар, сайн туршлагуудтай танилцах, цаашид Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой шинэлэг  санааг тодорхойлох, Монгол, Швейцарын хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулах шинэ боломжуудыг нээснээрээ ач холбогдолтой байлаа.  

Швейцарын Холбооны Улс нь мэргэжлийн боловсролын тогтолцоо өндөр хөгжсөн бөгөөд энэ нь эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчийн нэг гэж үздэг. Тус улсад дагалдан суралцагчид мэргэжлээ сургуульд төдийгүй голчлон ажлын байран дээр эзэмшдэг бөгөөд ажил олгогчид энэ тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүний үр дүнд Швейцар Улсад ажилгүйдлийн түвшин, нэн ялангуяа залуучуудын ажилгүйдлийн түвшин бага байдгаараа дэлхийд тэргүүлдэг.