БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НҮБ-ЫН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ЖЕНЕВ ДЭХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх төлөөлөгчийн газрын захирал Доминик Буржеон-тэй уулзав.
Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож тэр дундаа НҮБ-ын Женев дэх төвийн үйл ажиллагааны хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэрхэн хамтарч ажиллах талаар санал, мэдээлэл солилцов.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол нь хөдөө аж ахуй давамгайлсан эдийн засаг, хүнсний тогтолцоонд үзүүлж буй үр дагаврын талаар санал солилцож энэ хүрээнд НҮБ-ын Женев дэх төв, түүний гишүүн орнуудын дунд сэдэвчилсэн уулзалтуудыг зохион байгуулахаар тогтов.
Энэ онд Монгол Улс НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад элссэний 50 жилийн ой тохиож байгаа ба өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа бэхжүүлж, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхийн чухлыг талууд онцоллоо.