images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ САНААЧИЛГААР ШВЕЙЦАР УЛСЫН ЦЮРИХИЙН ХАВДРЫН ЦОГЦ ТӨВИЙН ЗАХИРАЛ МАЙКЛ ГРОТЗЕР МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ

Мэдээ мэдээлэл

2023-07-12

230

Монгол Улсаас Швейцарын Хоолбооны Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) болон “Баттүшиг Цэлмүүн Сан” хамтран Цюрих хотын Их сургуулийн Хүүхдийн эмнэлэг, Цюрихийн Хавдрын Цогц Төвийн захирал доктор, профессор Майкл Гротзерийн ажлын айлчлалыг Монгол Улсад 2023 оны 7 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд  зохион байгууллаа.

 

Ажлын айлчлалын үр дүнд ЭХЭМҮТ болон Цюрих хотын Их сургуулийн Хүүхдийн эмнэлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.  

 

Доктор, профессор М.Гротзер нь хүүхдийн тархины хавдрын чиглэлээр мэргэшсэн эмч ба 2003 онд Цюрихийн их сургуулийн Фридрих-Готцын шагнал, 2000 онд АНУ-ын хорт хавдар судлалын нийгэмлэгийн хавдар судлалын AFLAC-ийн эрдэмтдийн шагнал, 1999 онд АНУ-ын Хүүхдийн тархины хавдрын сангийн залуу судлаачийн шагнал, Олон улсын хүүхдийн хавдар судлалын нийгэмлэг (SIOP)-ийн шагналыг тус тус хүртсэн олон улсад өндрөөр бичигддэг эмч юм.

 

Цюрих хотын Их сургуулийн Хүүхдийн эмнэлэгийн хувьд 2,500 орчим ажилтантай, 230 орчим ортой, жил бүр 8,500 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж, 40,000 орчим хүүхэд амбулаториор үйлчлүүлдэг Швейцарь дахь хүүхдийн болон хүүхдийн мэс заслын хамгийн том төв юм. Мѳн хүүхдийн анагаах ухаан, хүүхдийн мэс заслын чиглэлээр эмч, сувилагч бэлтгэдэг.