ШВЕЙЦАР УЛСТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Швейцарын Аялал жуулчлалын үндэсний маркетингийн байгууллага хооронд аялал жуулчлалын салбарт хамтан ажиллах тухай санамж бичигт Элчин сайд Д.Гэрэлмаа, Швейцарын Аялал жуулчлалын үндэсний маркетингийн байгууллагын Хөгжиж буй зах зээл ба тусгай төслүүдийн газрын захирал Федерико Соммаруга нар 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Цюрих хотноо гарын үсэг зурав.
Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны түүх, соёл, уламжлал, байгалийн онцлогийг сурталчилсан контент, ном, сэтгүүл хэвлүүлж, харилцан сурталчилгааг идэвхжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллана.