ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ӨМНӨ ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУДАД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСЭВ
2023 оны 4 дүгээр сарын 19, Женев хот. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ДХБ-ын Худалдааны хэлэлцээний хорооны ээлжит хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тус байгууллагын Сайд нарын 12 дугаар Бага хурлаар тогтоосон зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс ДХБ-ын шинэчлэлийг тууштай дэмжиж буйгаа илэрхийлж, 2024 онд болох Сайд нарын 13 дугаар Бага хурлын дүнгээр бодит үр дүнд хүрэхийн тулд бусад гишүүдтэй хамтран ажиллаж, бүхий л хэлэлцүүлэгт бүтээлчээр оролцох эрмэлзэлээ нотлов.
Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орны (ДГХБО) хувьд эдгээр орнуудад тулгарч буй онцлог сорилтуудыг анхааралдаа авч, аливаа шинэчлэлийн хөтөлбөрт тусгахыг ДХБ-ын бүх гишүүнд уриалав. Тэрээр ДХБ-ын хэлэлцээрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох Тусгай болон ялгавартай хандлагын одоогийн бүтцийг хэвээр хадгалахын чухлыг онцлон тэмдэглэж, хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд, тэр дундаа ДГХБО-уудыг хөгжлийн бодлогын орон зайгаар хангахын чухлыг тэмдэглэв.