НҮБ-ЫН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Технологи, Ложистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманнтай 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр уулзав. Уулзалтаар Монгол Улсын цахим худалдааны орчныг боловсронгуй болгох, гадаад худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой гаалийн процедурыг хялбаршуулах, Шинжлэх ухаан, технологийн паркын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов.
Уулзалтаар Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдээллийн технологи, цахим худалдааны салбар чухлыг онцлоод Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайлангийн зөвлөмжийг хөгжлийн түнш байгууллагууд болон хандивлагч орнуудад танилцуулан дэмжлэг авах уулзалтыг ирэх 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах, мөн энэ үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжих гаалийн байгууллагыг цахимжуулах төслийн нээлтийг хийх саналыг тавив.
Хатагтай Шамика Сириманн Монгол Улсаас худалдааг хөнгөвчлөх, цахим худалдааг дэмжихтэй холбоотой бүхий л санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээд 6 дугаар сард болох арга хэмжээнд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв.