ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА “ЛА МЭНСА Э ИЛ ГРЭЖЖЭ” НИЙГЭМЛЭГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ МАТТЕО ПАОЛО БЕЛЛИНЕЛЛИТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа “Ла Мэнса э Ил Грэжжэ” нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Маттео Паоло Беллинеллитэй 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Лугано хотноо уулзав. Уулзалтын үеэр ноён Маттео “Ла Мэнса э Ил Грэжжэ” нийгэмлэгээс Монгол Улсын боловсрол, байгаль орчин, экологийн салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, сайн дурын арга хэмжээ болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулав.
Элчин сайд Д.Гэрэлмаа “Ла Мэнса э Ил Грэжжэ” нийгэмлэгээс Баян-Өлгий, Увс аймгийн алслагдсан сумдуудын цэцэрлэг, сургуулийн барилгыг сэргээн засварлах, хүүхэд залуусын оюуны хөрөнгө оруулалтад чиглэсэн “Номтой автобус” төслийг хэрэгжүүлсэнд талархал илэрхийлээд ирэх онд тохиох Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд арга хэмжээ хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.