“ЛОКАРНОГИЙН ШУВУУЛАХУЙН ҮЗҮҮЛБЭР” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Швейцарын Холбооны Улсын Локарно хотноо зохион байгуулдаг “Локарногийн шувуулахуйн үзүүлбэр” энэ оны нээлтээ 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийв. Үзүүлбэрийг сонирхон ирсэн үзэгчид дэлхийн олон орноос ирсэн 130 гаруй төрлийн шувууны зан төрх, амьдрах арга болон сүүлийн жилүүдэд мартагдах шахсан шувуулахуйн соёлтой танилцлаа.
Энэхүү арга хэмжээнд циркийн амьтан сургагч Т.Цэндсүрэн бүргэд, шонхор, тас, өрөвтас, шар шувуутай гол үзүүлбэрүүдийг монгол үндэсний хувцастайгаар үзэгчдэд толилуулав. Үзүүлбэрийн үеэр хүн ба шувуу хоёрын нөхөрлөл, байгалийн харилцан шүтэлцээг шувуулахуйн урлагаар илтгэн харуулснаас гадна шувуу бүрийн онцлог шинж чанаруудыг сонирхолтой байдлаар танилцуулсан нь үзэгчдийн таашаалд ихэд нийцлээ.
ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн шувуулахуйн өв соёлыг Швейцар Улсад түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ 2012 оноос хойш оруулж байгаа циркийн амьтан сургагч Т.Цэндсүрэнд Элчин сайд Д.Гэрэлмаа талархал илэрхийлээд цаашид Монгол Улсад энэ төрлийн үзүүлбэрийг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Шувуулахуйн үзүүлбэрийн талаарх мэдээллийг дараах цахим холбоосноос авна уу.