УЗБЕКИСТАН УЛСЫГ ДХБ-Д НЭГДЭН ОРОХЫГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ
2023 оны 3 дугаар сарын 14, Женев хот. Бүгд Найрамдах Узбекистан Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д нэгдэн орох асуудлаарх ажлын хэсгийн ээлжит зургаадугаар уулзалтад Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа оролцож, эртний түүх, соёлын хэлхээ холбоотой Монгол, Узбекистаны харилцаа сүүлийн жилүүдэд гүнзгийрч буйг сайшааж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг онцлов. Узбекистан Улс ДХБ-д нэгдэн орох хүрээнд хоёр талын яриа хэлэлцээ амжилттай явагдаж буйг тэрээр тэмдэглэж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд худалдаанд тулгарч буй нийтлэг сорилтуудыг давах, арилгахад хамтран дуу нэгтэйгээр тус байгууллагын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.