МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОО
2023 оны 2 дугаар сарын 27, Женев хот. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа ДХБ-ын Стандарт, худалдааны хөгжлийн сан (STDF)-гийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга М.Шпрей, орлогч дарга М.Хоппер болон НҮБ-ын Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх төвийн Мал эмнэлгийн асуудал хариуцсан ажилтан Х.Пинто нартай 2 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тус сангийн хөтөлбөрийн хүрээнд 2019 – 2022 онд хэрэгжүүлсэн Монгол Улсын мал бүртгэлжүүлэх системийг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэж, цаашид Монгол Улсын цахим хөдөө аж ахуйн шинэчлэлийг бодлогын хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
STDF-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга М.Шпрей Монгол Улсын Засгийн газраас дээрх төсөлд өгч буй үнэлгээнд талархал илэрхийлж, Монгол Улсад үр ашигтай төслүүдийг судлан хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлэв.