ЛОЗАНН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЗАЛТЫН ТУХА
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас Швейцар Улсын франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэг (AMSR)-тэй хамтран Ву кантон орчим ажиллаж амьдарч буй монголчуудтай 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр уулзалт зохион байгуулав.
Уулзалтад Элчин сайд Д.Гэрэлмаа оролцон ЭСЯ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулан иргэдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцов. Иргэдийн зүгээс ЭСЯ-ны консулын үйлчилгээ түргэн шуурхай хүртээмжтэй байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын боловсролын гэрчилгээ, дипломыг Швейцарт дүйцүүлэн зөвшөөрүүлэх, франц хэлтэй хүүхдүүдэд зориулсан монгол хэлний тусгай сургалтын авлагыг боловсруулахад анхаарч ажиллахыг хүсэв.
Уулзалтын үеэр Швейцар Улсын франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэгийн тэргүүн T.Жаргал Швейцарт сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг төрөөс урамшуулан дэмжлэг үзүүлэхийн чухлыг онцолж, энэ хүрээнд ЭСЯ-тай хамтран ажиллахаар боллоо. Мөн энэ өдөр Швейцарт суралцаж буй оюутнуудын төлөөллүүдийн уулзалт болж, тус улсад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцах цахим платформыг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.
ЭСЯ-аас Швейцарын франц, герман, итали хэлтэй кантонуудад амьдарч буй монгол иргэдтэйгээ илүү ойр ажиллан санал бодлыг нь сонсох зорилготой уулзалтуудыг тогтмол зохион байгуулахыг зорьж байгаа бөгөөд Лугано хотод 3 дугаар сарын 18-ны өдөр, Цюрих хотноо 6 дугаар сарын 10-ны өдөр ажиллана.