ЗЭВСЭГ ХУРААХ БАГА ХУРЛЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ТОДОТГОВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа энэ 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын Бүгд хуралдаанд оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдал, түүнд үзүүлэх ЗХБХ-ын ач холбогдлын талаар үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ өдгөө цөмийн зэвсгийн аюул занал бодитоор нэмэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх байдал эрчимжиж байгаа нь дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтод эрсдэл учруулж байна хэмээн онцлоод чухам энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, нэн ялангуяа ЗХБХ-ын ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэв.
Тэрээр мөн цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтыг цөмийн зэвсгээс ангид статустай Монгол Улсын Засгийн газар тууштай дэмжиж ирснийг нотлоод, уг зорилтод хүрэх хүртэл цөмийн зэвсэгтэй улсууд цөмийн зэвсэггүй улсуудын эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй байх, ашиглахаар заналхийлэхгүй байх талаар баталгаа олгох эрх зүйн баримт бичиг байгуулах зүй ёсны шаардлага байгааг онцлов.
ЗХБХ нь зэвсэг хураах асуудлаар 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы дүнд зэвсэг хураах асуудлыг хэлэлцэх олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц чуулган хэмээх статустайгаар 1979 онд байгуулагдсан ба тус байгууллагын хүрээнд зэвсэглэлийг хорогдуулах, зэвсэг хураах асуудлаарх гол гол олон талт гэрээ хэлэлцээрийг байгуулж байсан болно.