Боловсрол, соёл болон бусад харилцаа
2025-09-01
Иргэд харилцан зорчиж буй тухай | Дипломат, албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчдог (2018.06.16) |
Иргэдийн тухай мэдээлэл |
2025 оны байдлаар Швейцарын Холбооны Улсад 4,200 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байна. Үүнээс нийт 30 орчим монгол иргэн НҮБ болон олон улсын бусад байгууллагад ажилладаг. Женев, Лозанн, Базель хотуудад Швейцар дахь монгол хүүхдэд зориулсан монгол хэлний сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Швейцар дахь монголчуудын 20 орчим холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллага монгол хэл, соёл, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. |
Боловсролын харилцаа |
Бернийн Их сургуульд монгол судлалын сургалтыг 1999-2000 оны хичээлийн жилээс эхэлж, 20 орчим швейцар болон бусад улсын оюутан Монголын шашин судлал, сонгодог монгол хэлний чиглэлээр бакалавр, магистрын зэрэг горилох хөтөлбөрт хамрагдсан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2023 онд Бернийн Их сургуулийн дэргэдэх Дэлхийн худалдааны хүрээлэн, 2024 онд Цюрихийн Их сургуулийн Хуулийн факультеттэй холбох чиглэлээр ажиллаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. |
Соёлын харилцаа
|
Швейцар, Монголын нийгэмлэг 2002 онд, Швейцар, Монголын соёл, эв нэгдлийн нийгэмлэг 2004 онд тус тус байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлaсан болон Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 25-нд Цюрих хотын Ритберг музейд “Go Mongolia” аялал жуулчлал, үндэсний соёлыг сурталчлах үзэсгэлэнг Швейцарын хөгжлийн агентлаг, “Мандах Наран” ТББ-тай хамтран зохион байгуулав. Швейцарын тэргүүлэх үзэсгэлэн худалдааны нэг “Валэгийн үзэсгэлэн яармаг”-ийн хүндэт зочиноор Монгол Улс анх удаа оролцож, 2024 оны 9-10 дугаар сард Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын салбарыг сурталчлав. Мөн үеэр “Монголын соёлын өдөр”-ийг зохион байгуулж, монгол үндэсний бөхийн барилдаан, шагайн харваан үзүүлбэр, монгол ардын урлагийн үзүүлбэр, “Уухай” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг толилуулсан. |
Бусад харилцаа |
Швейцарын мэс засалчдын нийгэмлэг 1998 оноос Улсын төв клиникийн 1 дүгээр эмнэлэг, ЭМШУИС-тай холбоо тогтоож, 1999 онд ЭМЯ-ны ивээл дор хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд швейцар мэс засалчид жил бүр Монгол Улсад ажиллаж, өвчтөнд үзлэг, мэс засал хийх, сургалт зохион байгуулах, монгол эмч, сувилагчдыг Швейцарт сургалтад хамруулах, эд материалын туслалцаа үзүүлэх зэргээр идэвхтэй ажиллаж ирсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цюрих хотын Их сургуулийн Хүүхдийн эмнэлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг 2023 онд байгуулав. Санамж бичгийн хүрээнд 2024 оны 9 дүгээр сараас ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч А.Эрдэнэдалай, хүүхдийн сэргээн засах эмчилгээний эмч Б.Долгорсүрэн нар Цюрихийн Их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт нэг сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэв. Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Женевийн Их сургуулийн эмнэлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Женев хотноо байгуулав. Санамж бичигт ХСҮТ-ийг төлөөлж Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Женевийн Их сургуулийн эмнэлгийг төлөөлж Ерөнхий захирал Роберт Мардини нар гарын үсэг зурав. Швейцарын Холбооны Батлан хамгаалах, иргэний хамгаалалт, спортын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын хоёр төлөөлөгч Швейцарын Андерматт хотноо 2024 онд болсон “Энх тайвны төлөө түншлэл” өвлийн уулын сургалтад анх удаа хамрагдав. Талууд жил бүр хамтарсан сургуулилт хийх, 2026 онд болох “Patroulle des glaciers” уулын спортын арга хэмжээнд оролцох бэлтгэлийг хангаж байна. МҮХАҮТ, Швейцар, Азийн Худалдааны танхимтай хамтран Монгол, Швейцарын бизнес форумыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулж, энэ үеэр тус хоёр танхим Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. |