Элчин сайд, Байнгын төлөөлөгчийн мэндчилгээ
2022-12-05
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөөлөгчийн газрын цахим хуудсанд зочилж буй Таны амар амгаланг эрэн мэндчилье.
Миний бие 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Швейцарын Холбооны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барин Элчин сайдын үүрэгт ажилдаа орсон бөгөөд үүний зэрэгцээ Гэгээн Ширээт Улс (Ватикан), Лихтенштайны Хант Улсыг хавсран сууж ажиллана.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улс нь байгаль газар зүйн хувьд ижил төстэй төдийгүй ардчилал, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйл бүхий улсууд юм. 1964 онд дипломат харилцаа тогтоосон манай хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааны агуулга сүүлийн жилүүдэд өргөжиж шууд ардчилал, төвлөрлийг сааруулах, төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх оновчтой мехнизм нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх зэрэг чиглэлийг хамран хөгжиж байна. Уламжлалт найрсаг харилцааг улам бүр бататгах, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ялангуяа хувийн хэвшлийн хооронд харилцаа холбоо тогтоох, швейцарын технологи, ноу-хауг нэвтрүүлэхэд тус Элчин сайдын яам онцгой анхаарч ажиллана.
Швейцарын Холбооны Улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн үүсгэн санаачилсан байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй хамтран ажиллах нь манай Элчин сайдын яамны эрхэм зорилтын нэг юм.
Байнгын төлөөлөгчийн газрын хувьд бид олон улсын хамтын ажиллагааны дэлхийн төвүүдийн нэг болох Женев хотноо үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын бусад 50 гаруй байгууллагад Монгол Улсыг төлөөлөн ажилладаг. Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг туушлтай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Эдүгээ Монгол Улс 193 улстай дипломат харилцаа тогтоож, 294 олон талт гэрээ, конвенцод нэгдэн ороод байгаа билээ.
Олон мянганы төрт ёсны түүхтэй монголчуудын нүүдлийн соёл иргэншил, соёлын арвин өв, орчин цагийн хөгжлийн ололт амжилтыг түгээн таниулах зорилгыг энэхүү цахим хуудас мөн агуулж байна.
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд тус Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын зүгээс явуулж буй үйл ажиллагааны тухай мэдээ, бусад шаардлагатай мэдээлэл, зөвлөмж зэргийг Та бүхэн энэхүү цахим хуудаснаас авах боломжтой.
Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.ГЭРЭЛМАА