ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ
2022-11-29
Швейцарын Холбооны Улсад байгаа Иргэн та өөрийн эрх, хийхийг хүсэн үйлдэл, өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банканд данс нээлгэх гэх мэт үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараах материалыг бүрдүүлсэн байна.
ЖИЧ: Итгэмжлэл үйлдэгч итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдэж буйг ойлгоно.
Бүрдүүлэх материал: Дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр авчрах.
- Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн эх хувь, түүний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт, түүний хуулбар
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Итгэмжлэлийн үйлчилгээ авахаар ЭСЯ-д ирэхийн өмнө https://e.notary.mn/consul/login сайтаар нэвтрэн хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, итгэмжлэлийн маягтын холбогдох хэсгийг цахимаар бөглөн тус ЭСЯ-д урьдчилан илгээнэ үү.
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт / Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу /
Жич: Үйлчилгээний хураамжийг консулын үйлчилгээ авахаар ЭСЯ-д ирэхдээ картаар төлөх боломжтой. ЭСЯ бэлэн мөнгөөр үйлчилдэггүй болохыг анхаарна уу.
Итгэмжлэлд итгэмжлэгч, итгэмжлэгдэгч гэсэн хоёр тал оролцоно.
Тодорхой үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр итгэмжлэгдэгчид тодорхой бүрэн эрх олгож байгаа этгээдийг итгэмжлэгч гэнэ.
Итгэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр эрх олж авсан этгээдийг итгэмжлэгдэгч гэнэ.
Нэмэлт шаардлага, тайлбар:
- Итгэмжлэлийг зөвхөн монгол хэлээр бичнэ.
- Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэлх жил байж болно.
- Гэрчлэгдсэн итгэмжлэлийг монголд байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт ойр дурын аймаг, нийслэл, дүүрэгт байрших нотариатын үйлчилгээний газраас авна.