БУЦАХ ҮНЭМЛЭХ АВАХ

Швейцарын Холбооны Улсад зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн ямар нэг шалтгаанаар гадаад паспортоо гээж үрэгдүүлсэн, шинээр гадаад паспорт захиалах болон паспортын хүчинтэй хугацааг сунгуулах боломжгүй болсон үедээ яаралтай эх орондоо буцах тохиолдолд “Travel Document” буюу буцах үнэмлэх авна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 326 дугаар тогтоолын 10.2. зүйлийн дагуу дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:

 

- Буцах үнэмлэх мэдүүлэх хуудас (тус цахим хуудсын доор буй хавсралтаас татаж авна уу);

- Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл иргэний бүртгэлийн лавлагаа;

- Цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, нүдний шилгүй);

- Үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай тодорхойлолт;

- Шаардлагатай тохиолдолд тухайн иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа;

- Үйлчилгээний хураамж төлсөн баримт / Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу /

 

Жич: Үйлчилгээний хураамжийг консулын үйлчилгээ авахаар ЭСЯ-д ирэхдээ картаар төлөх боломжтой. ЭСЯ бэлэн мөнгөөр үйлчилдэггүй болохыг анхаарна уу. 

 

10.2.7. Энэ журмын 9.1.2-9.1.4-т /9.1.2. үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусгавар болсон; 9.1.3. хүчин төгөлдөр буцах үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн; 9.1.4. гадаадад төрсөн иргэн эх орондоо буцахад үндэсний гадаад паспорт мэдүүлж авах боломжгүй;/ заасан этгээд мэдүүлэх тохиолдолд тухайн иргэний харьяаллын талаарх Монгол Улсын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.

 

Анхаарах зүйл:


Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгогдсон буцах үнэмлэхийг Монгол улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авна.
Иргэд Та бүхнийг “Хилээр гарахдаа “харласан” бүртгэл хийлгэхгүйн тулд ЭСЯ-наас “цагаан хуудас” аваад явж болдог” гэх худал, ташаа ярианд итгэхгүйгээр гадаад паспортаа хаяж үрэгдүүлэх, гэмтээхээс сэрэмжилж, хүчинтэй хугацааг нь шалгаж байхыг зөвлөж байна.

Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-нд өөрийн биеэр авч ирнэ.