БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАГА ХУРЛЫН ТЕХНОЛОГИ, ЛОЖИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ШАМИКА СИРИМАННТЭЙ УУЛЗАВ.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын Технологи, Ложистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманн тэргүүтэй төлөөлөгчидтэй 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уулзав.

Уулзалтаар Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын ХХБХ-аас Цахим арилжаа, дижитал эдийн засгийн хөтөлбөрийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд  “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г хийх төслийг амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд цаашид үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй хангахад дэмжлэг хүсэв. Мөн үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа гадаад худалдаатай холбоотой тээвэр, ложистикийн хүндрэлүүдийг онцолж, НҮБ-ын ХХБХ-тай хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, гаалийн автоматжуулсан системийг бий болгоход үргэлжлүүлэн ажиллах саналыг дэвшүүлэв.

НҮБ-ын ХХБХ-ын Технологи, Ложистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманн Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаагийн хүсэлтийн дагуу НҮБХХБХ-ын зүгээс “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайлангийн хэрэгжилтийг хангахад бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгдэж, Монгол Улс дижитал эдийн засаг, цахим шилжилтээс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.