Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Швейцарын Холбооны Улсын Женев хотод үргэлжилж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон Бүгд Найдамдах Солонгос Улсын Оюуны өмчийн газар хоорондын “Оюуны өмчийн салбарт Иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав. Уг санамж бичгийн хүрээнд талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах, хяналтыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.
Талууд 1997 оноос хойш төрөл бүрийн хамтарсан арга хэмжээг зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд БНСУ-ын Оюуны өмчийн газар, БНСУ-ын Шинэ бүтээлийг дэмжих холбооны дэмжлэгтэйгээр Зохистой технологийг хөгжүүлэх болон Нэг сум-нэг брэнд төсөл амжилттай хэрэгжиж, манай улсын төрийн бус байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаж байв.
БНСУ-ын Оюуны өмчийн газар нь дэлхийн оюуны өмчийн салбарын голлох 5 оролцогчийн нэг (IP5) бөгөөд 2020 онд патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн нийт 557,256 мэдүүлэг хүлээн авсан байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан “Дэлхийн оюуны өмчийн үзүүлэлт тайлан”-д дурдсанаар БНСУ нь нэг хүнд ногдох дотоодын патентийн мэдүүлгийн тоогоор сүүлийн 11 жил тасралтгүй тэргүүлж байгаа бөгөөд БНСУ-аас Патентийн хамтын ажиллагааны гэрээ (PCT)-гээр дамжуулан мэдүүлсэн патентийн мэдүүлгийн тоо 2019 оноос 5.5%-иар өсч 20,600-д хүрчээ. Тус газар нь патент, ашигтай загварын мэдүүлгийг 11.1 сар, барааны тэмдгийн мэдүүлгийг 8.9 сар, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг 4.6 сарын хугацаанд хянаж, зохих хариуг хүргүүлэн ажилладаг байна.