ОЮУНЫ ӨМЧИЙН ЧИГЛЭЛЭЭРХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГ БАЙГУУЛАВ

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Тангтай 2022 оны 7 дугаар сарын 21-нд уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Уулзалтаар Монгол Улсын Оюуны өмчийн газраас үзүүлж буй бизнесийн үйлчилгээг хөгжүүлэх асуудлаар хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Чингэснээр оюуны өмчийн үйлчилгээ, удирдлагыг сайжруулж, зардал багатай, чанартай шийдлүүдийг Монгол Улсын Оюуны өмчийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдэж буй болно.
Уулзалтаар түүнчлэн Оюуны өмчийн асуудлыг тусгасан хичээлийн хөтөлбөр боловсруулах, сургалтын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дэлхийн оюуны өмчийн байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.
Уг санамж бичгийг байгуулснаар манай улсын холбогдох их сургуулиудын дээд боловсролын хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Монгол Улсын Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүдээр хичээл заалгах, судалгаа шинжилгээ хийх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх боломж бүрдэж, оюуны өмчийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.