МОНГОЛ, ШВЕЙЦАР УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗЭВСЭГ ХУРААХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсаас Зэвсэг хураах бага хурлын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Жулиен Тхөни-ийг энэ 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Байнгын төлөөлөгчид зэвсэг хураах, түүний дотор зарим төрлийн ердийн зэвсгийг хориглох асуудлаар санал солилцож, эл чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Байнгын төлөөлөгч Жулиен Тхөни 2026 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Женев хотноо болох Зарим төрлийн ердийн зэвсгийг хориглох буюу хязгаарлах тухай конвенцын Талуудын хянан хэлэлцэх 7 бага хурлын даргаар сонгогдон, эл бага хурлын бэлтгэлийг хангах талаар хийж буй ажлынхаа талаар танилцуулав.
Элчин сайд Д.Гэрэлмаа энэхүү хариуцлагатай үүрэг хүлээн, идэвхтэй ажиллаж буйд Байнгын төлөөлөгч Жулиен Тхөнид баяр хүргэж, уг бага хурлыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.