images

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2026-05-01

116

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын Улаан загалмай хорооны Ази, номхон далайн бүсийн дарга Режис Савьоз тэргүүтэй төлөөлөгчдийг 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОУУЗХ-ны Ерөнхийлөгчийн тусгай элч бөгөөд Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан Балтазар Штаехелин товч тайлан, мэдээллээ танилцуулж, Монгол Улстай хөгжүүлж буй хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх өргөн боломж байгааг мэдээлэв.

Талууд олон улсын өнөөгийн нөхцөл байдалд ОУУЗХ-ны чиг үүрэг, манлайлал нэн чухал байгааг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Олон улсын Улаан загалмай хороо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран гүйцэтгэж, 2025 оны 11 дүгээр сард танилцуулсан “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэсний хэмжээн дэх хэрэгжилтийн судалгаа”-г талууд онцолж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг бэхжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд тогтвортой, харилцан уялдаатай арга хэмжээ авах шинэ эхлэл болсныг тэмдэглэв.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын Засгийн газрын үүрэг амлалтыг дахин нотолж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлсний зэрэгцээ монголын органик бараа бүтээгдэхүүнийг олон улсын хүмүүнлэгийн тусламжийн багцад хамруулах, Зүүн хойд Азийн бүсийн агуулахыг Монгол Улсад байгуулах эрмэлзэлтэйг дурдаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

ШХУ-ын Женев хотноо төвтэй, 1863 онд байгуулагдсан Олон Улсын Улаан загалмайн хороо нь дэлхийн улс орнууд, хандивлагчид, хувийн хэвшлийн байгууллага, хүмүүнлэгийн бусад байгууллагатай хамтран дэлхийн өнцөг булан бүрт зэвсэгт мөргөлдөөн, дайны улмаас эмзэг хүнд нөхцөл байдалд өртсөн хүн амд тусламж үзүүлдэг хүмүүнлэгийн байгууллага юм.

Монгол Улсын Улаан Загалмай Нийгэмлэг 1939 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.