БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
Шри Ланка болон Тайландын Хаант Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд Бурхан багшийн дүйчин өдрийг тохиолдуулан 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Женев дэх НҮБ-ын байранд хүндэтгэлийн арга хэмжээ хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, Бурхан багшийн сургааль нь дэлхийн дайдад алдар суугаа дуурсган, агуу гүрнийг цогцлоон мандуулж явсан бидний өвөг дээдэс, эрэмгий догшин дайчдын оюун санааг хувьсган өөрчилж, нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маягт гүн нэвчин шингэснээр дахин давтагдашгүй өвөрмөц ёс уламжлал, соёлыг дархлан бий болгосныг онцолж үг хэлэв.
Тэрээр Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хаан газар нутаг, улс үндэстнийг хураан нэгтгэж, гадагш бусдыг хэрхэн ялж дийлэхийг харуулсан бол түүний удмын Занабазар гэгээнтэн зовлонгийн суурь шалтгаан болох мунхаг, хүсэл, уурын муу сэтгэлийг даран номхотгож, дотогш өөрийгөө хэрхэн ялан дийлэхийг үзүүлснийг тод жишээ болгон татсан.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бурхан багшийн сургаал нь хувь хүний түвшинд сэтгэлийн амар амгалан, зол жаргалыг авчирдаг төдийгүй дэлхий дахинаа энх тайван, шашин хоорондын эв нийцлийг бэхжүүлэхэд нэн чухал болохыг мөн тэмдэглэв.
Шри Ланка болон Тайландын Хаант Улсын Байнгын төлөөлөгчийн газрууд Бурхан багшийн дүйчин өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг ийнхүү 4 дэх удаагаа зохион байгуулсан байна.