Байнгын төлөөлөгч ДОӨБ-ын Ерөнхий захирал Дарен Тангт баяр хүргэн үг хэлэв
Женев хотноо 2026 оны 4 дүгээр сарын 21-нд болж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын гишүүн улсуудын Ассамблейн 67 дугаар чуулганы Ээлжит бус хуралдааны үеэр Байнгын төлөөлөгч Гэрэлмаа ДОӨБ-ын Ерөнхий захирал Дарен Тангийг дахин ДОӨБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсонд баяр хүргэн үг хэлэв.
Тэрээр Монгол Улс Ерөнхий захирал Дарен Тангийн манлайллыг өндрөөр үнэлж, дэлхийн оюуны өмчийн тогтолцоог илүү хүртээмжтэй, үр нөлөөтэй, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн болгох чиглэлд тэргүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Мөн хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудын онцгой нөхцөл байдлыг ойлгон дэмждэг бодлогыг Монгол Улс өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.
Байнгын төлөөлөгч Монгол Улс болон ДОӨБ-ын олон жилийн хамтын ажиллагааг дурдаж, IPAS системийн нэвтрүүлэлт, Технологи ба инновацын дэмжлэгийн төвүүдийн хөгжил, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, бодлого боловсруулах чиглэлээр үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлэв. Тэрээр мөн оюуны өмчийг эдийн засгийн өсөлт, инновацын хөгжлийн чухал хөдөлгөгч хүч хэмээн үздэгээ тэмдэглэв.
Эцэст нь Монгол Улс ДОӨБ болон гишүүн орнуудтай нягт хамтран ажиллах эрмэлзлээ дахин нотолж, Ерөнхий захирал Дарен Тангт ажлын өндөр амжилт хүсч, байгууллагын хөгжлийн зорилтуудыг үргэлжлүүлэн ахиулах үйлсэд нь амжилт ерөөлөө.