ЭЛЧИН САЙД БАЗЕЛИЙН СОЁЛЫН МУЗЕЙД ЗОЧЛОВ
Элчин сайд Д.Гэрэлмаа 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Базелийн Соёлын музейд зочилж тус музейн Өмнөд, Төв, Зүүн Азийн тэнхимийн дарга Ловас Стефани тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд тус музейд хадгалагдаж буй Швейцарийн химийн салбарын Нобелийн шагналт профессор Ричард Р.Эрнстийн эзэмшиж байсан 17 дугаар зууны эхэн үеэс 20 дугаар зууны эхний хагас хүртэлх хугацаанд хамаарах Монгол гар бичмэл, сийлбэр бүтээлүүдтэй мөн танилцав.
Р.Эрнстийн цуглуулга нь Европ дахь хамгийн том Монголоос гаралтай хувийн цуглуулгуудын нэгд тооцогддог ба ойролцоогоор 150 гаруй гар бичмэл, сийлбэр бүтээл Р.Эрнстийн цуглуулгад багтаж байна.
Базелийн Соёлын музейн хувьд Европ, Номхон далайн өмнөд хэсэг, Месоамерик, Түвд, Бали зэрэг нутгийн 340,000 бүтээл, 300,000 орчим гэрэл зураг, 400 кино, дууны бичлэгийг толилуулж буй Европийн томоохон антропологийн музей юм