ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн хамтарсан Цахим эдийн засаг дахь Эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан (Women exporters in the Digital economy-WEIDE)-гаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжлэг үзүүлэх төслийн Анхдугаар үе шатыг Монгол Улсад хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 04-ний өдөр Женев хотноо болов.
Цахим худалдааны шинэ боломжийг эрэлхийлж буй гарааны бизнест зориулсан санхүүжилт (Discovery Grant), цахим орчинд бизнесийн оролцоо, нөлөөгөө нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өргөжихөд бэлэн болсон бизнест зориулсан (Booster Grant)-ыг тус тус олгох, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, өсөлтийг дэмжих энэхүү төслийн баримт бичигт ДХБ-ын Ерөнхий захирал Н.Оконжо Ивеала, ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Памела Күүк Хамильтон, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар гарын үсэг зурлаа.
Өнгөрсөн 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл явагдсан бүртгэлд Монгол Улсын 307 бизнес эрхлэгч хамрагдаж, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илгээсэн байна.
Ёслолын арга хэмжээнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцон, Монгол Улсаас эдгээр байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүнг дурдаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, чадавхжуулахад чиглэсэн тус төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.