ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ “ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ: ЖЕНЕВИЙН ТУРШЛАГААС” ӨНДӨР ТҮВШНИЙ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Байнгын төлөөлөгчийн газар, Жендерийн тэгш байдлын төлөөх олон улсын манлайлагчид болон Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуультай хамтран “Дипломат үйл ажиллагаа дахь эмэгтэйчүүдийн манлайлал: Женевийн туршлагаас” сэдвийн дор 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан өндөр түвшний семинарт оролцов.
Семинарын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа дипломат албанд жендерийн тэгш байдлыг хангах талаар манай улсаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Түүнчлэн дэлхий дахинд эмэгтэйчүүд, охидын эрхийг баталгаажуулж, тэгш байдлыг хангах, нийгэм, улс төр, олон улсын харилцааны үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог хангах, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өсгөх, эмэгтэйчүүдийн манлайллыг хөхиүлэн дэмжих хүрээнд Монгол Улсаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэв.
Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулиас “Дипломат үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь” төслийг 2022 оноос хэрэгжүүлж буй бөгөөд 2024 оны 6 дугаар сард “Дипломат үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн төлөөллийг бэхжүүлэх нь: Сорилтууд, бодлогын шийдлүүд” тайланг гаргасан байна.
Семинараар төслийн баг тайлангаа танилцуулж, олон улсын харилцаанд жендерийн тэгш байдлыг хангах, дипломат үйл ажиллагаа, гадаад бодлого боловсруулахад эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.
Готенбургийн их сургуулийн судалгаагаар дэлхий дахинд 2023 оны байдлаар эмэгтэй Элчин сайд нар 20.54 хувийг эзэлж, 2013-2023 оны 10 жилийн хугацаанд эмэгтэй Элчин сайд нарын тоо ердөө 5 хувиар өссөн байна.