МОНГОЛ УЛС БА ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА: 25 ЖИЛ
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалж ирэв

ДХБ-ын эцсийн шийдвэр гаргадаг Сайд нарын түвшний Бага хуралд Монгол Улс салбарын сайд, Элчин сайдын түвшинд тогтмол оролцож, олон талт худалдааны тогтолцооны хүрээнд явагдаж буй хэлэлцээний асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн.

Нэн ялангуяа Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын эрх ашгийг хөндөж тавих, хамгаалах асуудалд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. ДГХБО-ын бүлгийн Женев дэх зохицуулагчийн үүргийг Монгол Улс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ДХБ-ын албан ёсны бүлэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. ДГХБО-ын албан бус бүлгийг ДХБ-д 2021 оны 05 дугаар сард бүртгүүлснээр тус байгууллагын хүрээнд өрнөж буй яриа хэлэлцээнд нэгдсэн дуу хоолойтой оролцоход ихээхэн ач холбогдолтой болов.

2021 оны 11 дүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын нөхцөл байдлаас түр хугацаагаар хойшлогдоод буй ДХБ-ын Сайд нарын 12 дугаар Бага хурлын төгсгөлийн баримт бичигт ДГХБО-ын эрх ашгийг тусгасан заалт оруулах чиглэлээр ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай холбоотой ажиллаж, ДХБ-ын Ерөнхий зөвлөл болон холбогдох бусад хорооны хуралдааны үеэр уг асуудлыг хөндөж, хүч чармайлт гаргаж ажилласны дүнд ДХБ-ын Сайд нарын Бага хурлаас анх удаа ДГХБО-уудын эрх ашгийн тухай заалтыг батлах нөхцөл байдал бүрдээд байна.

Зургийн тайлбар: Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ДХБ-ын гишүүн ДГХБО-ын Худалдааны сайд нарын цахим уулзалтыг нээж үг хэлж байна (2021 оны 11 дүгээр сарын 04, Женев хот).