"Глобаль Cан"-гийн ажилтнуудыг шагнав

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Глобаль Сангийн манай улсыг хариуцсан бүсийн менежер Аллан Нфамба, Үндэсний зохицуулах зөвлөлийг хариуцсан мэргэжилтэн Дипанжали Сапкота нарыг Байнгын төлөөлөгчийн газарт хүндэтгэн хүлээн авч, ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хариу арга хэмжээ, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад оруулсан хувь нэмэр, олон жилийн гавьяаг үнэлэн шагнасан Эрүүл мэндийн яамны Жуух бичгийг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гардуулав.

Женевт төвтэй Глобаль сан нь дэлхий дахинд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний тархалт, өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор 2002 онд байгуулагдсан олон улсын хүмүүнлэгийн сан юм. Глобаль сан нь улс орнуудын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлүүдээс төвлөрүүлсэн санхүүжилтээр 100 гаруй улс оронд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх төсөл хэрэгжүүлдэг. Глобаль сангийн үйл ажиллагааны нийт зардлын 92%-ийг улс орнуудын Засгийн газраас, үлдсэн хэсгийг Билл, Мелинда Гейтс Сан болон олон улсын томоохон корпорацуудаас бүрдүүлдэг байна. Монгол Улсын Засгийн газар Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэтэй тэмцэх төслүүдийг 2003 оноос хойш хэрэгжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээ, хяналтыг шинэ шатанд гаргах чиглэлд амжилттай хамтран ажиллаж байна.