Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсны 25 жил тохиож байна

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) байгуулах тухай Марракешийн хэлэлцээрийг 1996 онд соёрхон баталж, улмаар 1997 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус байгууллагын гишүүн болж, үйл ажиллагаа, яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож ирсний 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Монгол Улс ДХБ-ын гишүүн болсноор дэлхийн олон улс оронтой тэгш эрхтэй худалдаа хийх боломж нээгдэж, худалдаа, эдийн засгийн түншүүдтэйгээ ДХБ-ын дүрэм, журмын дагуу олон улсын худалдаанд оролцох, олон улсын зах зээлд нэвтрэх илүү таатай нөхцөл бүрдэж, тус байгууллагын 164 гишүүн улстай нэн тааламжтай үндэсний нөхцөл (Most-favored nation)-өөр худалдаа хийх эрх зүйн орчин бүрдсэн.

Түүнчлэн хөгжиж буй орны хувьд ДХБ-ын гишүүн улс оронтой худалдаа хийх зарим хөнгөлөлттэй нөхцөл эдлэх эрхтэй болсны зэрэгцээ ДХБ-ын гишүүн улс орнуудын худалдааны бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон талт худалдааны тогтолцооны хүрээнд мэдээ, мэдээлэл авах эрх нээгдэж, мөн хоёр талын худалдаанд тулгарах асуудалд олон талт худалдааны механизмыг ашиглах боломжтой болсон юм.

Mонгол Улс ДХБ-д гишүүнээр элссэнээр худалдаатай холбоотой дотоодын 30 гаруй хууль тогтоомжийг тус байгууллагын зарчим, дүрэм, журамд нийцүүлэн шинэчилсэн буюу шинээр гаргаж, худалдааны эрх зүйн орчинг боловсронгүй болгох чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын худалдааны бодлогыг ДХБ-аар хянуулах хэлэлцүүлгийг гурван удаа хийж, бусад гишүүдээс тавьсан манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой асуулт, тодруулгад холбогдох мэдээллийг өгч ирэв. Тухайлбал, хил, гаалийн үйлчилгээ, тарифын бус саад тотгор, эдийн засаг дахь төрийн оролцоо, худалдааны бодлогын ил тод байдал, мэдүүлгүүдийн биелэлт, хөдөө аж ахуйн салбар дахь дэмжлэг, татаас зэрэг худалдаанд хамааралтай асуудлаар гишүүдээс гаргасан санал, шүүмжлэлийг бодлогод тусгах зэргээр хэрэгжүүлэн ажиллахад анхаарч байна.

Зургийн тайлбар: Монгол Улс ДХБ-д нэгдэн орох тухай Протоколд Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ц.Цогт гарын үсэг зурж байна (1996 оны 07 дугаар сар, Женев хот).